Jump to content

Солонгосын дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Солонгосын дайн
Хамаарах дайн: Хүйтэн дайн

Дээрээсээ цагийн зүүний дагуу: Америкийн ачааны машин 38-р өргөргийг өнгөрлөө; F-86 байлдааны онгоц Солонгосын тэнгэрт; Инчонийн боомт, Инчонийн тулалдааны дараа; Дайнаас буцаж ирсэн Хятадын цэргүүдэд баяр хүргэж байна; АНУ-ын армийн дэслэгч Инчонийн далайн хаалт руу авирч байгаа нь.
Огноо 1950 оны 6 сарын 25 - одоо хүртэл.
1953 оны 7 сарын 27-нд гал зогсоосон
Байрлал Солонгосын хойг
Үр дагавар Галаа түр зогсоосон; Хоёр Солонгосын газар нутаг 38-р өргөргийн дагуу бага зэрэг өөрчлөгдсөн.
Байлдагч талууд
Нэгдсэн Үндэстний Байгууллага:

 Өмнөд Солонгос
 Австрали
 Бельги
 Канад
 Колумби
 Этиоп
 Франц
 Грек
 Люксембург
 Нидерланд
 Шинэ Зеланд
 Филиппин
 Өмнөд Африк
 Тайланд
 Турк
 Нэгдсэн Хаант Улс
 Америкийн Нэгдсэн Улс


Цэргийн үйлчилгээ/засвар:
 Япон


Эмнэлгийн:
 Дани
 Итали
 Норвеги
 Энэтхэг
 Швед

Коммунист хүчнийхэн:

Умард Солонгос
 Хятад
 Зөвлөлт Холбоот Улс

Удирдагчид
 Өмнөд Солонгос Ли Синман

 Өмнөд Солонгос Чон Ил Квон
 Өмнөд Солонгос Пэк Сон Ёп
 Америкийн Нэгдсэн Улс Дуглас МакАртур
 Америкийн Нэгдсэн Улс Маттью Ридвэй
 Америкийн Нэгдсэн Улс Марк Кларк
 Америкийн Нэгдсэн Улс Харри Труман
 Америкийн Нэгдсэн Улс Дэвид Эйзенхуар

Умард Солонгос Ким Ир Сен

Умард Солонгос Чой Ён Кон
Умард Солонгос Ким Чак
 Хятад Мао Зе Дун
 Хятад Пэн Дэхуа
 Зөвлөлт Холбоот Улс Иосиф Сталин

Цэргийн хүч
 Өмнөд Солонгос 590,911

 Америкийн Нэгдсэн Улс 480,000
 Нэгдсэн Хаант Улс 63,000[1]
 Канад 26,791[2]
 Австрали 17,000
 Филиппин 7,430[3]
 Турк 5,455[4]
 Нидерланд3,972
 Франц 3,421[5]
 Шинэ Зеланд 1,389
 Тайланд 1,294
 Этиоп 1,271
 Грек 1,263
 Колумби 1,068
 Бельги 900
 Өмнөд Африк 826
 Люксембург 44

Нийт: 941,356–1,139,518

Умард Солонгос 260,000

 Хятад 1,350,000[6]
 Зөвлөлт Холбоот Улс 26,000

Нийт: 1,066,000

Note: All figures may vary according to source. This measures peak strength as sizes changed during the war.

Хохирол
Өмнөд Солонгос:
58,127 тулалдаанд амь үрэгдсэн
175,743 шархадсан
80,000 бууж өгсөн, сураггүй болсон[7]

АНУ:
36,516-54130 амь үрэгдсэн (2,830 нь байлдаанд бус)
92,134 шархадсан
8,176 сураггүй
7,245 бууж өгсөн[8]
Англи:
1,109 амь үрэгдсэн[9]
2,674 шархадсан
1,060 сураггүй эсвэл бууж өгсөн[10]
Турк:
721 амь үрэгдсэн[11]
2,111 шархадсан
168 сурагүй
216 бууж өгсөн
Канад
516 амь үрэгдсэн[12]
1,042 шархадсан
Австрали
339 амь үрэгдсэн[13]
1,200 шархадсан
Франц:
300 амь үрэгдсэн эсвэл сураггүй[14]
Филиппин:
амь үрэгдсэн үхсэн[15]
Өмнөд Африк
28 амь үрэгдсэн, 8 сураггүй[16]
Нийт: 474,000 гаруй

Умард Солонгос:
215,000 амь үрэгдсэн,
303,000 шархадсан,
120,000 сураггүй эсвэл бууж өгсөн[10]

Хятад
(Хятадын тооцоо):

114,000 тулалдаанд амь үрэгдсэн
34,000 нас барсан (тулалдаанд бус)
380,000 шархадсан
21,400 бууж өгсөн[17]
(АНУ-ын тооцоо):[10]
400,000+ амь үрэгдсэн
486,000 шархадсан
21,000 бууж өгсөн
ЗХУ:
315 амь үрэгдсэн
Нийт: 1,190,000-1,577,000+

амь үрэгдсэн болон шархадсан энгийн солонгос иргэд (Нийт) = хэдэн сая

Солонгосын дайн нь Өмнөд ба Умард Солонгосын хооронд 1950 оны 6-р сарын 25-наас 1953 оны 7-р сарын 27-ны хооронд болсон дайн юм. Хоёр Солонгосын аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлага доор нэгтгэх зорилготой байв. Өмнөд Солонгосыг Америкийн Нэгдсэн Улс ба өрнөдийнхөн, Умард Солонгосыг Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байв. Энэ дайн хүйтэн дайны үед болсон хамгийн том дайн гэж үздэг.

Солонгос нь 1910-1945 оны хооронд Японы эрхшээлд байв[18]. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр байгуулагдсан АНУ ба ЗХУ-ын гэрээгээр Солонгосын хойгийг 38-р өргөргөөр хоёр хуваах асуудлыг тохиролцсон[19] бөгөөд уг гэрээний дагуу Зөвлөлт Холбоот Улсын арми 8-р сарын 10-нд уг өргөрөгөөс хойш нутагт, хэдэн долоо хоногийн дараа буюу 1945 оны 9-р сарын 9-нд Америкийн Нэгдсэн Улсын арми 38-р өргөргөөс өмнөх нутагт хяналтаа тогтоов. Хоёр тал хяналтын нутаг дээрхи олзлогдсон япон цэргүүдийг тус бүрдээ хүлээн авахаар тохиролцсон байна.

Ийнхүү Солонгос нь Зөвлөлтийн мэдлийн хойд, Америкийн мэдлийн өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан түүхтэй. 1945 оны 12-р сард АНУ ба ЗХУ нь Солонгосыг түр хугацаагаар удирдах гэрээ байгуулав. Энэ үеэс Өмнөдөд АНУ-ын цэргийн хяналтыг эсэргүүцэх хөдөлгөөн эхэллээ. Учир нь Америкууд Японы түрэмгийлэлийн үеийн засаг захиргааны нэгж, удирдлагуудын ихэнхийг хэвээр авч үлдсэн ба, солонгос хүмүүсийн байгуулсан аливаа эвсэл, хөдөлгөөныг хориглож байв. 1946 оны 9-р сард эхэлсэн төмөр замчдын эсэргүүцэл эрчимжин өмнөдийн ихэнх хотод үймээн дэгдэн, хэдэн арван цагдаагийн ажилтан, Японы газрын эзэд амь үрэгдэв. Солонгос дахь АНУ-ын цэргийн удирдлага дайны байдал тогтоон, солонгосын иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэжээ.[20]. Өмнөдөд коммунист үзэл баримтлалыг дэмжиж эхлэв. Америкийн Нэгдсэн Улс Солонгост бүх нийтийн сонгуулиар шинэ засгийн газар байгуулах санаачлага гаргасан байна. Өмнөдийн хүн ам хойд нутгийнхаас хоёр дахин илүү тул бүх нийтийн сонгуулиар коммунист Ким Ир Сен олонхын санал авч чадахгүйг мэдэж байлаа. Өмнөд нутагт АНУ-д боловсрол эзэмшсэн, коммунизмыг эсэргүүцэгч Ли Сын Ман шинэ засгийн газрыг тэргүүлэх болов[21]. Энэ засгийн газар нь албан ёсоор нийт солонгосын засгийн газар байсан байна.АНУ анти-коммунист үзэлтэй Лы Син ман ийг Өмнөд Солонгосыг удирдуулахаар томилов.

1948 оны тавдугаар сард Өмнөд Солонгос өөрийн улсыг зарлажээ. Наймдугаар сард нь анхны ерөнхийлөгч болсон Ли шууд Өмнөд Солонгос дахь коммунист болон зүүний чиг хандлагатай хүмүүсийн эсрэг дайн зарлав. Харин хойд нутагт Зєвлєлтийн дэмжлэгтэйгээр коммунист үзэл суртал улам бэхжин, Ким Ир Сенээр толгойлуулсан коммунист засгийн газар 1947 оны зун байгуулагдав[22].Гэхдээ Ким ир сен шууд умардын тэргүүн болчихоогүй юм байна. Түүнтэй өрсөлдөж мэдэх илүү нөлөө бүхий Москвад танил олонтой Пак Чон Хён гэгч байлаа. Энэ коммунист засгийн газар нь ууланд партизанчлан, АНУ-ын дэмжлэгтэй засгийн газрын эсрэг дайнд бэлтгэж эхэлжээ. 1948 оны есдүгээр сарын 9-нд тэр албан ёсоор засгийн эрхийг авав. Ким тэр дороо өөрийн тойрон хүрээлэгчдийг бүрдүүлж, барууны үзэлтэй хүмүүсийг улс төрөөс зайлуулж эхэлжээ. Шинээр байгуулагдсан хоёр засгийн газар аль аль нь нийт солонгосыг өөрийн удирдлагад нэгтгэх зорилготой байлаа. Энэ нь нэг талаар тэдний ивээгч болох АНУ бүх хойгийг капиталист засаглалтай болгохыг сонирхож байсан бол ЗХУ бүхэлд нь коммунист улс болгохыг хүсч байсанд хэргийн гол зангилаа оршин байв.

Дайны эхэн үед хоёр талын эзэлж байсан газар нутаг

1949 онд ЗХУ ба АНУ нь өөрсдийн мэдлийн бүсээс анги нэтгэлүүдээ бүрэн гаргасан ба Кимын удирдсан коммунист засгийн газар өмнөдийг цэргийн хүчээр нэгтгэхийг санаархаж эхэлсэн боловч Сталин энэ дайнд АНУ-ыг оролцож болзошгүй гэж болгоомжилж байв. 1950 оны 1 сард АНУ, Номхон далай дахь АНУ-ын хамгаалалтын бүсийг Алеутийн арал, Япон, Филиппин гээд, Солонгосын хойгийн хамгаалалтыг НҮБ хариуцах ёстой гэж мэдэгдлээ[23]. Энэ үеэс Умард Солонгосын арми Хятадын чөлөөлөх армид 1930-д оноос хойш байлдаж байсан солонгос цэргүүдээр хүчээ зузаатган, зөвлөлтийн зэвсгээр зэвсэглэж эхлэв. 1950 оны 3 ба 4 сард Ким Москвад Сталинтай уулзаж, дайн эхлүүлэх зөвшөөрөл авчээ[21][24]. 1950 оны 3 сард Хойдууд Зөвлөлтүүдэд 9 тонн алт, 40 тонн мөнгө, 15,000 тонн фосфор, газрын ховор элементийн баяжмалыг худалдаж авсан зэр зэвсгийн төлбөрт шилжүүлсэн байна[25]

1950 оны 6-р сарын 25-ны өдөр Умард Солонгосын арми нь их бууны галын дэмжлэгтэйгээр 38-р өргөргийг 6 дивиз, 150 Т-34 танкийн хүчээр давснаар дайн эхэлжээ. Умард Солонгосын тал "урвагч Ли Сын Ман итгэл эвдэн хил давж, цөмрөн ирсний хариуд цохилт өгч байна" гэж мэдэгджээ[26]. Умард Солонгосын арми нь 415,000 хүний бие бүрэлдэхүүнтэй, 150 Т-34 танк, 40 орчим сөнөөгч, 70 бөмбөгдөгч, 10 тагнуулын онгоцтой байв[26]. Өмнөдийн арми амьд хүчний хувьд 150,000 цэрэгтэй байсан нь хувцас хангамж, зэвсэг муутай (Японы Квантуны Армиас үлдсэн хөнгөн зэвсэг, дүрэмт хувцсаар нийт бие бүрэлдхүүний ердөө 1/3 нь хангагдсан), техникийн парк гэхэд мөн л Японы армиас үлдсэн, АНУ-ын тусламжаар орж ирсэн 40 гаруй танк, хуягт машин, сургалт дадлагын 14 нисэх онгоцтой байсан хийгээд дайн эхлэх үед өмнөдийн нутаг дээр гадаадын цэргийн томоохон нэгтгэл байгаагүй ажээ. Хамгийн ойрхон нь Японы ойролцоо байсан Америкийн цэргийн ангиуд байжээ[26].

Дайны эхний өдрүүдэд Умард Солонгосын арми маш амжилттай урагшлаж, 6-р сарын 28 гэхэд Сөүл хотыг эзлэв. Хойдууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын удирдлага доор гадаадын цэргийн хүч ирж амжихаас өмнө Солонгосын хойгийг нэгтгэж амжина гэж итгэж байсан байна. Уг оны 8 сарын дунд үе гэхэд хойгийн 90%-ийг Хойдууд эзэлж, зөвхөн Бусан хот орчим өмнөдүүдийн мэдэлд үлджээ.

Умард Солонгосчууд Өмнөд рүү дайрсан нь АНУ болон өрнөдийн бусад орнуудын хувьд гэнэтийн зүйл болов. Учир нь дайн эхлэхээс хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн департаментаас Конгресст тавьсан илтгэлдээ хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлал тун бага гэж мэдэгдэж байсан юм.

АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбоотойгоор армийнхаа бие бүрэлдэхүүнийг цөөлж, дайн дэгдсэн бүс нутагт хангалттай цэргийн хүчгүй болсон байв. Японд байрлаж байсан Дуглас МакАртур генералаар удирдуулсан нэгтгэл нь бүс нутагтаа хамгийн том нь байлаа. Дайны эхэнд ерөнхийлөгч Трумен Өмнөд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн нисэх хүчнээр хамгаалуулан Америкийн иргэдийг Солонгосоос гаргах үүргийг Макартурт өгснөөр дэмжлэгээ хязгаарлав. Хэдийгээр Америкийн цэргийнхэн Умард Солонгосын эсрэг цэргийн нисэх хүчнийг идэвхтэй ашиглахыг санал болгож байсан ч Трумэн зөвшөөрөөгүй бөгөөд харин Долдугаар флотод Тайванийг хамгаалах тушаал өгснөөр Хятадын коммунистууд болон гоминданыхны хоорондын тэмцэлд хөндлөнгөөс үл оролцох бодлогыг эцэс болгов.

Солонгосын дайн эхэлсэн өдөр НYБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан бөгөөд Зөвлөлтийн төлөөлөгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын төлөөлөгч түдгэлзсэн санал өгсөн тул АНУ-ын санал болгосон тогтоолыг хүлээн авчээ. Энэ явдал нь ЗХУ-д маш том сургамж өгсөн юм. Хэрэв энэхүү тогтоол дээр байнгын гишүүн болох ЗХУ хориг тавьсан бол НYБ-ын цэрэг Өмнөд Солонгост цэрэг оруулж чадахгүй байх байсан гэдэг.

АНУ-ын цэргүүд Солонгост

НYБ-ын тогтоолын дагуу АНУ нь Өмнөд Солонгост туслуулахаар цэргээ явуулж, өрнөдийн орнууд зэвсэг, хүн хүчээр тусламж үзүүлж эхлэв. Гадаадын цэргийнхэн оролцсон анхны томоохон тулалдаан 7 сарын 5-нд Осаны орчим болсон байна. Үүнд АНУ-ын 24-р дивиз оролцов. Өмнөд ба АНУ-ын тал асар их хохирол амсан Тэжон хүртэл ухарсан ба дивизийн захирагч, хошууч генерал Виллиам Ф.Дийн олзлогдов. Энэ ажиллагааны явцад Америкын тал 32 мянган цэрэг, офицер, 220 их буу, миномет, 20 танк, 540 пулемёт, 1300 автомашинаа алдав. Үүний дараа Нактонган голын орчим болсон тулалдаанд Америкийн явган цэргийн 25-р дивиз болон хуягт танкийн дивиз ихээхэн хэмжээний хохирол амссанаас гадна баруун урд чиглэлд нь Умард Солонгосын явган цэргийн 6-р дивиз, мотоциклийн 1-р ангиуд нь Өмнөд Солонгосын ухарч байсан нэгтгэлүүдийг бут ниргэж, Солонгосын баруун өмнөд болон, өмнөд бүс нутгийг бүхэлд нь эзлэн, Масан хотод ойртосноор Америкийн тэнгисийн явган цэргийн 1-р дивиз Бусан хот руу ухрахаас өөр аргагүй болов.

8 сарын дунд үед Өмнөд Солонгос ба АНУ-ын 8-р арми Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсэг болох Бусан хот орчимд бүслэгдэн, нийт хойгийн дөнгөж 10%-тай тэнцэх, 100-120 км гүнтэй, 120 км-ийн урттай Бусаны мөргөцгийг л хянаж байлаа.

Энэ хооронд АНУ цэргийн хүчээ зузаатгасан ба 8 сарын сүүлээр гэхэд 500 танктай, цэргийн бие бүрэлдэхүүний тоогоор Умард Солонгосынхоос 180,000 аар илүү болж, сөрөг давшилтанд орлоо[26].Энэ үед байдал маш хүндэрснийг мэдэрсэн Зөвлөлтийн засгийн газар Солонгос, Хятадтай хиллэх хилийн бүсэд V танкийн дивиз, Порт-Артур дахь Номхон далайн флотын анги нэгтгэлүүдийг татан байрлуулав. Маршал Р.Малиновскийн командалсан энэ цэргийн бүлэглэл нь Умардынхны хувьд нэг ёсны ар талын бааз нь болж байлаа.

Агаарын тулалдаан

[засварлах | кодоор засварлах]

Солонгосын дайн нь цэрэг дайны тэр дундаа нисэх хүчний түүхэнд анх удаа тийрэлтэт онгоцуудын хооронд тулалдаан болсноороо онцлог юм. Анхлан өмнөд эвслийн зүгээс P-51, F4U, A-1 зэрэг поршент хөдөлгүүрт онгоц ашиглаж байлаа. Үүний эсрэг Умард Солонгос, Хятадын тал нь Як-9, Ла-9 загварын сөнөөгч, Ил-2, Ил-10, ТУ-2, Пе-2 маягийн дайрагч, бөмбөгдөгч онгоцтой байв. Гэвч удалгүй Өмнөдийн эвсэл нь агаарт ноёрхохын тулд F-80,F9F, F2H зэрэг тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоцуудыг татан ирүүлэв.

Дайны эхэнд Өмнөдийн эвслийн тийрэлтэт онгоцууд нь Умард Солонгос, Хятадын поршент хөдөлгүүртэй онгоцуудаас илт давуурхаж, агаарт ноёлж байсан ч Зөвлөлтийн тал хамгийн сүүлийн үеийн МиГ-15 сөнөөгч онгоцыг Умард Солонгос, Хятадын талд өгснөөр байдал дээрдэв.

Yvний хариуд америкчууд «МиГ-15»-ийн эсрэг тусгайлан зохион бvтээсэн F-84, F-86 угтан сөнөөгч онгоцыг Солонгос руу илгээсний дараа зөвлөлтийн сөнөөгчдийн хаанчлал дуусч, хоёр тал агаарт харилцан тэнцвэртэй болсон байна. Агаарын тулалдаанд туршлага илүү өмнөд эвслийн нисэгч нар ялах нь их байлаа. Агаарт ноёлж чадахгүй байгаагийн улмаас газрын байлдааны ажиллагаанд муугаар нөлөөлөх болсон нь Умард Солонгос, Хятадын таних тэмдэгтэй нисэх онгоц, мөн тэдний дүрэмт хувцас, бичиг баримттай зөвлөлтийн туршлагатай нисгэгчдийг тулалдаанд оруулахад хүрэв. Америкийн тал нь 78–н F-86 сөнөөгчөө алдаж 792 МиГ, 108 бусад онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг ч 335 удаагийн ялалт нь л баримтаар нотлогддог. {Энэ нь нэг талаар туршлага муутай Солонгос, Хятадын нисгэгч нарын жолоодсон онгоцыг оруулан тооцсонтой холбоотой бололтой} Зөвлөлтийн талаас 335 МиГ сөнөөгчөө алдаж 1300 онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг.

Солонгосын дайны явцад Америкийн агаарын цэргийн хүчин нь гол төлөв шатаагч бөмбөг ашигласан ихээхэн хэмжээний бөмбөгдөлт явуулж байжээ. Дайн нь гурван жил гаруй үргэлжилсэн ч Америкчууд Вьетнамын дайны 13 жилийн дотор хаяснаас илүү хэмжээний напалмын бөмбөгийг Умард Солонгосын нутагт хаясан байдаг.

Холбоотнуудын сөрөг давшилт

[засварлах | кодоор засварлах]

1950 оны 9 сарын 15-нд холбоотнууд сөрөг давшилтаа эхлэв. Холбоотнууд Өмнөд Солонгосын 5, Америкийн 5 дивиз, Их Британий бригад болон 500 танк, 1,634 их буу, миномет, 1,120 нисэх онгоц, 230 байлдааны хөлөг онгоц ашиглан сөрөг давшилтанд орсон бол тэдний эсрэг Умард Солонгосын армийн 40,000 цэрэг, 40 танк, 811 их буу сөрөн зогсож байв. Ийнхүү эхний өдрийн давшилтаар өмнө талаасаа баттай хамгаалалттай болсноор мөн сарын 16-ны өдөр "Хромит" гэж нэрлэсэн ажиллагаагааг эхлүүлэв. Энэ ажиллагааны үеэр холбоотнууд Сөүл орчимд орших Инчон хотод 70,000 орчим цэргээс бүрдсэн далайн десант буулгалаа. Уг десантад АНУ-ын тэнгисийн явган цэргийн 1-р дивиз, явган цэргийн 7-р дивиз, Их Британийн армийн тусгай отряд, Өмнөд Солонгосын нэгтгэл багтаж байв.

Сөүл хот дахь тулалдаан, 1950 он

Десант нь буусан өдөртөө Инчонийг эзлэн, Сөүлийн зүг давшилтаа үргэлжлүүлжээ. Харин өмнөд чиглэлд Тэгүгийн бүсээс Өмнөд Солонгосын хоёр нэгтгэл, америкийн явган цэргийн 7-р дивиз, их бууны 36-р дивизионы хүчээр сөрөг давшилтанд орсон бөгөөд энэхүү хоёр бүлэглэл нь 9-р сарын 27-нд Есан нэртэй газар нэгдэн, Умард Солонгосын армийн 1-р бүлэглэлийг бүслэв. Холбоотнууд Сөүлийг 9 сарын 25-нд эзлэж[27][28], 10 сарын 8-ны өдөр 38-р өргөрөгт хүрэв.

Хоёр улсын хуучин хилийн орчим болсон хэд хэдэн удаагийн цуврал тулалдааны дараагаар 10 сарын 11-ний өдөр холбоотнууд Пёньяны зүг давшилтанд орсон бөгөөд дэмжлэг болгож, 10 сарын 19-ны өдөр Пёньянаас хойш 40 км-т 5,000 хүнтэй агаарын десант буулган, тэр өдөртөө Умард Солонгосын нийслэлийг эзлэн авав. Умард Солонгосын 135,000 цэрэг олзлогдов.

Хятадууд эхэндээ Солонгост цэргийн тойргуудын арми, корпус,анги нэгтэлүүдээр өргөдөл, санал цуглуулах ажлыг явуулсан боловч хүсэлт гаргасан нэг ч хүн гарсангүй тул дээд командлалын тушаалаар Пэн дэ хуайд командлуулан бэлтгэл ажлыг өрнүүлжээ. Хятад нь 38-р өргөргийг солонгосын бус цэргийн хүч давсан тохиолдолд дайнд орно гэж мэдэгдэж байсан ч АНУ үүнийг нь "Нэгдсэн Үндэстний Байгууллагыг сүрдүүлэх гэсэн оролдлого" гэж үзэж байв. Гэвч 1950 оны 10 сарын 8-нд Америкийн цэргийн нэгтгэлүүд Умард Солонгосын хилийг давахад Мао Зэдун Хятадын армийг Ялузянь голын эрэгт ойртон, гатлахад бэлэн байх тушаал өгөв. Мао Сталинд "Хэрэв АНУ Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлвэл, удалгүй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас өөр аргагүй" гэж хэлж байв. Тэрээр Зөвлөлтүүдээс дэмжлэг авахын тулд ерөнхий сайд Жоу Эньлайг Москва руу явуулаад, хариу хүлээн дайнд орох өдрийг 10 сарын 13-аас 19-ний өдөр болгон хойшлуулав.

Гэвч ЗХУ нь агаарын болон тэнгисийн цэргийн дэмжлэгээр туслахаас татгалзсан төдийгүй өөрийн сөнөөгч МиГ-15-ыг фронтын шугаманд 100 км-ээс илүү ойртохыг нь хориглож зөвхөн Умард Солонгос, Хятадын нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, ар талын агаарын хамгаалалтыг хариуцах, зэр зэвсэг, галт хэрэгсэл нийлүүлэхээс хэтэрсэнгүй. Энэ нь Сталины хувьд "Уулан дээрээс 2 барсын хоорондох зодооныг тайван ажиглаж, аятай тохиол хүлээх сармагчны хаан" Мао-ЗеДуны бодлогоос болгоомжилсноос үүдэлтэй байлаа.

Өвлийн сөрөг давшилт

[засварлах | кодоор засварлах]
АНУ-ын цэргүүд. 1950 оны 8 сар

Байдал тун ээдрээтэй болж ирсэн тул Хятадын тал Зөвлөлтийн хариуг хүлээлгүй 1950 оны 10 сарын 25-ны өдөр Пэн Дэхуй генералаар удирдуулсан 270,000 хүнтэй армиа Ялузян голыг гатлан дайнд орох тушаал өгчээ. Гэнэтийн дайралтын хүчээр Хятадын арми Өмнөдийн эвсэл буюу НYБ-ын цэргийн хүчний хамгаалалтыг устгасан ч өөрсдөө уулархаг нутаг руу ухарсан байна. Энэ тулааны явцад Хятадын тал 10,000 хүнээ алдсан бол Өмнөд Солонгос 6,000, АНУ 2,000 мянган хүнээ алджээ. НYБ-ын цэрэг ихээхэн хохирол амссан ч Ялузян голыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байв.

1950 оны 11 сарын сүүлээр Хятадын тал хоёр дахь давшилтаа эхлэв. Америкийн цэргийг Ханган ба Пёньяны хоорон дахь сайтар бэхлэгдсэн хамгаалалтаас нь холдуулахын тулд Пэн Дэхуй өөрийн нэгтгэлүүддээ эмх замбараагүй ухарч байгаа байдал үзүүлэхийг тушаав. Генерал МакАртур үүнд хууртан 11 сарын 24-ний өдөр өөрийн дивизүүдээ Хятадын бэлдсэн занга руу явуулж ноцтой алдаа гаргав. Yр дүнд нь 420,000 хүнтэй Хятадын арми НYБ-ын цэргийг баруун талаас нь тойрч бүслээд Америкийн 8-р дивизийн эзлэж байсан байрлалд хүчтэй цохилт өгөв. Зүүн чиглэлд 11 сарын 26 - 12 сарын 13-ны хооронд Чхосиний усан сангийн орчим болсон тулаанаар америкийн явган цэргийн 3,000 хүнтэй корпус бут ниргүүллээ. Харин Америкийн тэнгисийн явган цэргийнхэн өмнө зүгт ухарсан ч гэлээ Хятадын давшилтыг амжилттай эсэргүүцэн, тэдний зургаан дивизийг устгажээ[29]. Энэ ухралт Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн хол ухралт гэж тооцогддог байна[30].

НYБ-ын хүчин Хуннам хот хүртэл ухарч, бэхлэлтийн шугам байгуулаад 1950 оны 12-р сард хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлжээ. Энэ ажиллагааны явцад 105,000 цэрэг, 98,000 Умард Солонгосын энгийн иргэдийг Өмнөд Солонгос руу хөлөг онгоцоор тээвэрлэн хүргэсэн байна[27][31].

B-26 бөмбөгдөгч Умард Солонгосын Вонсаныг бөмбөгдөж байна. 1951 он

1951 оны 1 сарын 4-ий өдөр Умард Солонгос, Хятадын хамтарсан Умардын эвслийнхэн Сөүл хотыг эзлэв. Тулааны явцад алагдсан генерал Уокерийн оронд албан тушаалыг нь авсан дэслэгч генерал М.Рижуэй Америкийн армийн сэтгэл санааг өргөх, ёс суртахууныг бэхжүүлэх арга хэмжээ авч "Чонын ав", "Аянга", "Бүслэлт" зэрэг сөрөг дайралт явуулсан ч олигтой үр дүнд хүрч чадсангүй. Өмнөдийн эвслийнхэн 1951 оны 2 сарын 21-нд эхлүүлсэн ажиллагаагаар Хятадын армийг хойд зүгт нэлээд ухраав. Yүний дараа 3 сарын 7-нд "Цөлмөгч" ажиллагааг эхлүүллээ. Энэ ажиллагааны хүрээнд фронтын төв хэсэгт хоёр чиглэлээр цохилт өгсөн нь амжилттай болж 3 сарын дундуур эвслийнхэн Ханган голын гатлан Сөүлийг дахин эзэллээ. Сөүл хот дайнд нэрвэгдэн балгас болж, хүн ам нь 1.5 саяас 200,000 хүртэл багасав[28]. 4 сарын 22-нд Умардын эвслийнхэн сөрөг давшилтанд орж, фронтын баруун хэсэгт гол, төв болон зүүн чиглэлд хоёр туслах цохилт хийн, Өмнөдийн эвслийн хамгаалалтыг сэтлэн Америкийн анги нэгтгэлүүдийг хоорондоо холбоогүй жижиг бүлэглэлүүд болгон бутаргаад, Сөүлийн чиглэлд давшив. Давшилтын гол чиглэлд Имжинган голын орчим байрлаж байсан Их Британийн 29-р бригад өртөж, тулалдааны явцад бие бүрэлдэхүүнийхээ 25%-ийг алдан ухарсан байна. 1951 оны 4 сарын 22-29 хооронд болсон энэ дайралтаар Өмнөдийн эвслийн 20,000 орчим хүн шархадаж, олзлогджээ.

1951 оны 4 сарын 11-нд Трумэний тушаалаар генерал Макартурыг цэргийн удирдлагаас авч, оронд нь дэслэгч Генерал Ван Флитийг томилов. 1951 оны 5 сарын 16-нд Умардын эвсэл ээлжит давшилтаа эхэлсэн ч Өмнөдийн эвсэл амжилттай хамгаалж, тэр сарынхаа 21-нд сөрөг давшилтанд орон, 38-р өргөрөг хүрсэн ба байлдааны ажиллагааг цааш үргэлжүүлэлгүй зогсоосон байна.

Алагдсан хятад цэрэг, 1951 он

1951 оны 6 сард дайны эрч дээд цэгтээ хүрэв. Хоёр тал ихээхэн хохирол амссан ч тус бүрд нь байлдах чадвар сайтай сая гаруй хүнтэй арми байв. 1951 оны 10 сард АНУ-ын армийнхан цөмийн бөмбөг хэрэглэн цохилт өгөх боломжийг судалж эхлэв. Цөмийн бөмбөг бүхий бөмбөгдөгч B-29 онгоцыг Японы Окинава арлаас хөөргөхөөр төлөвлөж байсан байна. Гэвч "цөмийн бөмбөгөөр цохилт өгөхүйц ихээхэн хэмжээний дайсны цэргийн бөөгнөрөл байхгүй" байсан тул уг ажиллагааг зогсоов[32][33][34][35][36].

Энэ үеэс хойш дайны явцад эрс өөрчлөлт гараагүй бөгөөд талууд хэлэлцээр хийж эхлэв. Хэдий хэлэлцээр явагдаж байсан ч байлдааны ажиллагаа зогссонгүй. Тухайлбал, 1951 оны 8-р сарын 31-ээс 12-р сарын 12-ны хооронд Өмнөдийн Эвслийнхэн давшилтын ажиллагаа явуулж Америкийн тал 22,000, Өмнөд Солонгосын тал 38,000 хүнээ, 11 сарын сүүлээр Умардын эвсэл сөрөг дайралтанд орж 100,000 гаруй хүнээ алдаж байв.

Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлєгч Дуайт Эйзенхауэр дайныг зогсоохын тулд авч болох арга хэмжээг хайж 1953 онд Солонгост ирж байдалтай газар дээр нь танилцжээ. Гэвч сөргөлдөгч талуудын энхийн хэлэлцээр дорвитой урагшласангүй. 1953 онд Сталиныг нас барсны дараа байдал эрс өөрчлөгдсөн байна. Зөвлөлтийн Н.Хрущёв тэргүүтэй шинэ удирдлага Солонгосын дайныг зогсоох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. Зөвлөлтөөс дэмжлэггүй болсон Хятадын тал олзны хүмүүсийг суллан явуулахыг зөвшөөрч, 1953 оны 4-р сарын 20-ноос эхлэн талууд цэргийн олзлогдогсдоо солилцож эхэлсэн байна.

5 сард Хятадын арми энэ дайны сүүлчийн давших ажиллагааг Кымсоны орчим явуулснаас хойш, дайн намжих тийшээ хандаж 1953 оны 7-р сарын 27-ны өдөр гал зогсоох тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. Гэвч уг гэрээнд Өмнөд Солонгос гарын үсэг зурахаас татгалзсан[37] тул Өмнөдийн эвслийн өмнөөс Америкийн генерал Кларк гарын үсэг зурсан юм.

Гэрээнд гарын үсэг зурах үед фронтын шугам 38-р өргөргийн орчимд байсан тул фронтын шугамаар "Зэвсэггүй бүс" байгуулав. Энэ бүсийг одоо умард талаас нь Умард Солонгосын арми, өмнөд талаас нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан хүч хамгаалж байдаг байна.

Гал зогсоох хэлэлцээр явагдсан солонгосын хуучин нийслэл Кэсон нь дайнаас өмнө Өмнөд Солонгосын мэдэлд байсан ч одоо Умард Солонгосын тусгай эрхтэй хот болсон байна. Дайныг эцэслэсэн энхийн хэлэлцээр өнөөдрийг хүртэл Хойд ба Өмнөд Солонгосын талуудын хооронд хийгдээгүй байгаа болно.

Цэргийн гэмт хэрэг

[засварлах | кодоор засварлах]

Солонгосын дайн үеэр талууд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байсныг олон тооны баримт харуулдаг. Тухайлбал, Умард Солонгос, Хятадын армийн илтгэлд олзны хүмүүсийг тамлаж, цаазлах, шархтай цэргүүдийг буудаж алах явдал гарч байгаа талаар нэг бус удаа дурдагдаж байсан.

Америкийн цэргүүдэд фронтын шугам дээрх байрлалд нь дөхөж ирсэн хэнийг ч болов, энгийн хувцастай байсан ч буудан алах тушаал өгсөн байна. Хэдий Умард Солонгосын тал нь энгийн хувцастай тагнуул илгээх нь байсан ч, гол төлөв энгийн иргэд алагддаг байжээ[38][39].

Байлдагч талууд булаан эзэлсэн хот, суурин газраа энгийн номхон иргэдийг хомроглон цаазалдаг байсан байна. Ялангуяа эсрэг талынхны давшилт эхэсний дараа энэ нь улам ихэссэн байна[40].

Өмнөд Солонгост олон арван мянган хүнийг коммунист үзэлтэй гэж буруутган мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэргүйгээр цаазаар авсан байна[41]. Өмнөдийн эвслийнхэн тарваган тахал, булчин задраах тахал зэрэг өвчний нянгаар халдварлагдсан шавьж бүхий бөмбөг шидэх зэргээр Умардын эвслийнхний эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэж байв.

Тухайн үед эсрэг талынхаа энгийн номхон иргэдийг санаатай болон санаандгүйгээр алахыг хориглосон гэрээ, хэлэлцээр байгаагүй бөгөөд энэ дайны дараа буюу 1977 онд дайны үеэр энгийн иргэдийн эсрэг хийсэн гэмт хэргийн талаарх нэмэлт Протоколыг баталсан байдаг юм.

Дайны хугацаанд хамгийн багадаа 16 B-29 бөмбөгдөгч онгоц устгагдсан байна

Солонгосын дайн нь Хүйтэн дайны үеийн хамгийн анхны зэвсэгт мөргөлдөөн болж, хоёр их гүрэн хязгаарлагдмал орон зайд, цөмийн зэвсэг хэрэглэлгүйгээр дайтах бүс нутгийн дайны загварыг гаргаж өгсөн байна.

Дайны уршгаар Өмнөд Солонгосын сая орчим, Умард Солонгосын сая гаруй хүн, нийтдээ 2,500,000 гаруй солонгос хүн алагдсан байна. Хоёр улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн 80% гаруй нь бүрэн устаж, орон сууцны фондын 50%, засаг захиргааны барилга байгууламжийн гуравны хоёр нь бүрэн устжээ.

Умард Солонгосын тухайд түүний удирдагч Ким Ир Сен солонгосын дайн дуусав уу үгүй юу Сталины зөвлөлт, Мао Зэдуны хятад нөхдөөсөө сурсан муу аргаараа Манжуурт япончуудын эсрэг партизанчилж зовлон, жаргалаа хуваалцаж, хэцүү бэрхийг хамтдаа туулж нам төрөө үүсгэн байгуулалцсан журмын нөхдөө хүртэл бүгдийг нь хоморголон баривчилж шүүхийн шийдвэр, мөрдөн байцаалтгүйгээр хилс зохиомол хэрэг тулган гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн цэвэрлэгээг гардан явуулж ганцаар нам,төр, цэргийн эрх мэдлийг авч үлдсэн. Энэ нь дээр дурьдсан өөрийн өрсөлдөгч байж мэдэх Пак Чон Хён болон түүний тойрон хүрээллээс эхлэн 1953 онд их баривчилгаа ,цэвэрлэгээ явагдсаны дараа 1956 онд тэднийг америкийн тагнуул хэмээн нийтэд зарлан буудан хороох тушаал өгснөөр нам, төр, цэргийн удирдах өндөр албан тушаалаас эхлээд бүх шатны салаа мөчир, салбар даяар найз нөхдөө, гэр бүлээ, эцэг эхээ, ах дүүгээ, хамт олноо тагнан матдаг компанит цэвэрлэгээг улс орон даяар явагддаг жигшүүрт жишиг тогтсон ажээ. Хамгийн оргил үе нь хятадын соёлын хувьсгалтай нэгэн зэрэг явагдсан 70 аад он байсан гэдэг юм.ийнхүү Умард Солонгост нэг хүнийг тахин дангаар дарангуйлан захирах дэглэм тогтсон түүхтэй. Өмнөд Солонгос гал зогсоох гэрээ байгуулсны дараа Өмнөд солонгосын дайны дараах сэргээн босгох ажилд АНУ туслан, Солонгосын ард түмнийг тэжээж байжээ. Тэжээж хэмээн онцолж буй шалтгаан нь жил бүр АНУ-с өгөх тусламжийн мөнгөөр Солонгосчууд хүнс, нефть, эм, барилгын материал, тоног төхөөрөмж зэрэг амин шаардлагатай бүхнээ гаднаас импортлодог байжээ. Жишээ нь: 1960 оны Өмнөд Солонгосын эдийн засгийг авч үзвэл 32 сая долларын бүтээгдэхүүн экспортолж, 343 сая долларын бүтээгдэхүүн импортолсон байдгийг харьцуулбал худалдааны алдагдал 10:1 хэмжээнд хүрэн эдийн засгийн хувьд дампуурсан орон болсныг харуулж байна. Харамсалтай нь жил бүр АНУ-ын өгөх тусламж буурсанаар Өмнөд Солонгосын эдийн засаг улам бүр доройтож, улс орны хэмжээний хямрал сүйрэл болох нь гэсэн түгшүүр тархан байлаа. 1961 онд Японы Засгийн газраас Өмнөд Солонгосын эдийн засгийн тухай дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд: "Өмнөд Солонгосын эдийн засаг

  1. Хүн амын хэт өсөлт
  2. Байгалийн баялагийн хомсдол
  3. Аж үйлдвэр хөгжөөгүй
  4. Цэргийн зардлын хүнд дарамт
  5. Улс төрийн ядмаг хөгжил
  6. Хөрөнгийн дутагдал
  7. Төрийн захиргааны чадавх сул зэрэг хүнд асуудлууд тээж буй бөгөөд эдийн засаг нь өсч хөгжих, бие даах найдваргүй" гэсэн байв. Солонгос орон тийнхүү ирээдүйгүй орон байсан ажээ. Эдүгээ БНСУ ямар хөгжлийн оргилд явааг та бид мэдэх бүлгээ

Америкийн Нэгдсэн Улс

[засварлах | кодоор засварлах]

Америкийн Нэгдсэн Улс нь энэ дайнд 54,246 хүнээ алджээ. Энэ нь Вьетнамын дайны хохирлоос бага байгаа ч, Вьетнамын дайн нь 13 жил, харин Солонгосын дайн 3 жил үргэлжилсэн. Америкууд Дэлхийн 2-р дайн, Вьетнамын дайны сэдвээр их ярьдаг ч Солонгосын дайны талаар бараг дурддаггүй тул Америкт энэ дайныг "Мартагдсан дайн" гэж нэрлэдэг.

Солонгосын дайны дараа мэргэжилтнүүд Америкийн арми байлдааны ажиллагаа явуулахад хангалттай бэлэн биш байсан гэсэн дүгнэлт хийсэн тул дайны дараанаас АНУ батлан хамгаалахын төсвөө 50 тэрбум доллар болгон өсгөж, явган цэрэг, агаарын цэргийн хүчний бие бүрэлдэхүүнийг тоог хоёр дахин нэмснээс гадна Европ, Ойрх Дорнод, Азид олон тооны цэргийн бааз байгуулсан байна.

Мөн орчин үеийн шинэ зэвсгээр хангах асуудал гарч М16 винтов, 40 мм миномет, F-4 сөнөөгч зэрэг шинэ зэвсэгүүд армийн зэвсэглэлд орж ирсэн байна.

Америкийн Шерман танк, 1952 оны 5 сар

Хятадын талын албан ёсны мэдээгээр энэ дайнд Хятадын ардын чөлөөлөх арми 390,000 хүнээ алджээ. Гэвч өрнөдийн зарим эх сурвалжууд хятадын хохирлын тоог сая хүн давсан гэж үздэг. Дайны явцад Хятад болон ЗХУ-ын харилцаа эрс мууджээ. Хятадууд энэ дайнд зөвхөн өөрийн хүчинд найдан оролцох шийдвэр гаргаж, үнэндээ АНУ-тай сөргөлдөн тулалдсанаар улсынхаа хүчийг Дэлхий дахинаа харуулж, хожим улс төрийн тавцан дээр нөлөөтэй тоглогч байх болно гэдгээ бодит жишээгээр харуулсан хэрэг байв.

Солонгосын дайны үед АНУ-ын армийн зэвсэглэлд H-19-тэй төстэй нисдэг тэрэг хэрэглэгдэж байв[42][43]

Солонгосын дайн дууссаны дараа Өмнөдийн эвсэлд олзлогдсон Хятадын ардын чөлөөлөх армийн 14,000 байлдагч эх орондоо буцахаас татгалзан Тайваньд ирж суурьшсан юм. Тэд 1954 оны 1 сарын 23-ны өдөр Тайванд ирсэн бөгөөд өөрсдийгөө "коммунизмыг эсэргүүцэгч сайн дурынхан" гэж нэрлэх болсон билээ. Түүнээс хойш энэ өдрийг Тайваньд "Дэлхийн эрх чөлөөний өдөр" гэж нэрлэн тэмдэглэдэг болсон.

Солонгосын дайн нь Тайваньд маш ашигтайгаар туссан байна. Солонгосын дайнаас өмнө АНУ нь Тайвань болон эх газрын Хятад хоёрын мөргөлдөөнд ямар нэг байдлаар оролцохоос эрс татгалзан, Тайваньд дэмжлэг үзүүлэхээ зогсоогоод байсан билээ. Харин дайны дараанаас бүс нутагт өөрийн нөлөөллийг авч үлдэхийн тулд Тайванийн эрх баригчдыг бүх талаар дэмжих хэрэгтэй гэж үзсэн байна. Улмаар Тайвань руу өөрийн зэвсэгт хүчний ангиудыг илгээж, Гоминданы засгийн газрыг гарцаагүй ялагдлаас аварчээ. Улмаар Солонгосын дайны дараа давамгайлах болсон үзлийн нөлөөгөөр Өрнөдийн дийлэнх орнууд БНХАУ-ыг 1970-аад он хүртэл хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан юм.

Олон зуун мянган хүний аминд хүрсэн энэ дайнаар эдийн засгийн хувьд хожсон цорын ганц улс нь Япон гэж болно. Дайны эхэнд Өмнөдийн эвсэл ялагдсан, мөн Японд зүүний үзэл баримтлалтай хөдөлгөөн хүчээ авсан тул АНУ-ын удирдлаган дор эхлээд дотоодын цэрэг, цагдаагийн албыг байгуулсан нь одоогийн Японы өөрийгөө хамгаалах хүч болон хувирсан юм. Мөн АНУ дайны дундуур Сан-Франциско хотод Японтой энхийн гэрээ байгуулан, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Америкийн цэргийн хангалтын гол баазууд Японд байрлаж байсан нь эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой байв. Солонгосын дайны явцад АНУ 3.5 тэрбум долларын өртөг бүхий Японы бараа, бүтээгдэхүүн худалдан авсан байна. Энэ үед хөл дээрээ тогтсон компаниудын дотор "Мицүи", "Мицүбиши", "Сүмитомо" зэрэг багтана. 1950-1951 онд Японы үйлдвэрлэлийн өсөлт 50%-д хүрсэн ба 1952 онд Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх түвшиндээ хүрсэн нь ганцхан жилийн дотор гурав дахин нэмэгдсэн хэрэг байлаа.

Зөвлөлт Холбоот Улс

[засварлах | кодоор засварлах]

1950 оны зургадугаар сарын 25-нд ЗХУ-ын шууд дэмжлэг, оролцоотойгоор Солонгосын дайн эхэлжээ. Энэ дайн нь улс төрийн хувьд Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) алдагдалтай байлаа. Солонгосын хойгийг Ким Ир Сений дэглэмийн дор нэгтгэх гэсэн зорилгодоо хүрээгүйгээр зогсохгүй хөрш коммунист Хятадтай харилцаа муудлаа. Гэтэл Өрнөдийн эвсэлийн гишүүн орнуудын харилцаа хоорондоо болон Баруун Герман, Япон зэрэгтэй орнуудтай сайжирсан байна.

Нөгөө талаас ЗХУ нь гуравдагч ертөнцийн хөгжиж байгаа орнуудад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ харуулсан тул Солонгосын дайны дараа маш олон орнууд ЗХУ-ыг даган социалист чиг баримталж эхлэв.

Эдийн засгийн хувьд Солонгосын дайн нь ЗХУ-д хүндээр туссан ч, дайны явцад шинэ зэвсгийг бодит байдал дээр турших боломжтой болж, өрсөлдөгч талын олон тооны шинэ зэвсгийг олзолж авснаар цаашид өөрийн зэвсэг техникийг улам боловсронгуй болгох боломжтой болсон төдийгүй дайнд тодорхой хэмжээгээр оролцсон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 30,000 гаруй албан хаагчид асар их туршлага хуримтлуулсныг олон арван жилийн туршид дараа дараагийн бүс нутгийн олон дайнд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хувьд

[засварлах | кодоор засварлах]

БНМАУ хэдийгээр энэ дайнд шууд оролцоогүй боловч улс төр-үзэл суртлын холбоотон улс болохын хувьд дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусалж байсны нэгэн адил дайны үеийн болон дайны дараах сэргээн босголтын үед Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнөжээ.1950 онд Умард Солонгост Бүгд Найрамдах Монгол Ард Улсын (БНМАУ) Элчин Сайдын Яам (ЭСЯ) нээгдэж, 1950-1952 онд Элчин сайдаар Ж.Самбуу, 1952-1955 онд генерал Сандивын Равдан нар томилогдож, дайны үед монголчууд тэнд ажиллаж байсан юм. Манай дипломатууд Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөнд нэг бус удаа өртөж, элчин сайд С.Равдан дэлбэрэлтийн улмаас бэртэж, өрөөсөн чих нь сонсголгүй болжээ. Азаар хүний амь үрэгдээгүй байна.1948 оны аравдугаар сарын 8-нд Умард Солонгосын ГЯЯ-ны сайд Пак Хон-ёнгоос хоёр орны хооронд дипломат болон эдийн засгийн харилцаа тогтоох санал дэвшүүлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газар хүлээн авч “Тусгаар тогтносон Солонгос Улс болон түүний Засгийн газар байгуулагдсан явдалд БНМАУ-ын Засгийн газар Солонгосын бүх ард түмэнд баяр талархлаа хүргэж, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа, эдийн засгийн хэлхээ холбоо тогтоох гэсэн Умард Солонгосын Засгийн газрын саналыг ханамжтай хүлээн авч байгаагаа нотлон, ноот бичиг солилцсоноор 1948 оны аравдугаар сарын 15-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтжээ.

1950 оны зун Монгол Улсын ЭСЯ Пёнъян хотноо байгуулагдан үйл ажиллагаа эхэлж, элчин сайд Ж.Самбуу 1950 оны наймдугаар сарын 11-нд Умард Солонгосын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ду бон Итгэмжлэх жуух бичигээ барьжээ. Өөрөөр хэлбэл Солонгосын дайн эхэлсэн тэр зун байв. ЭСЯ-нд зөвлөх бөгөөд нэгдүгээр нарийн бичгийн дарга Х.Санжмятав, хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Пүрэв нар ГЯЯ-наас томилогдсон байна.

БНМАУ-д суух Умард Солонгосын анхны элчин сайд КУТВ-т суралцсан Ким Ён-жин (Kim Yong-jin), ЭСЯ-ны бүрэлдэхүүн III нарийн бичгийн дарга болон хоёр атташег ГЯЯ-ны Ёслолын хэлтсийн эрхлэгч Б.Очирбат, Дорнод хэлтсийн эрхлэгч Б.Дөрвөлжин нар Монгол, Зөвлөлтийн хилийн Алтанбулаг боомтод угтан авчээ. Умард Солонгосын дипломат төлөөлөгчид Зөвлөлтийн цэргийн ангийн зочид буудалд нэг хонож, маргааш нь хамтдаа галт тэргээр Улаанбаатар луу мордсон байна. 1951 оны дөрөвдүгээр сарын 19-нд Улаанбаатарт ГЯЯ-ны сайд Намтайширын Лхамсүрэн, орлогч сайд Г.Пунцаг, ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Бадамын Лхамсүрэн, Дорнод хэлт­сийн эрхлэгч Д.Цэрэндорж, Ёслолын хэлтсийн орлогч Г.Минжүүр болон ЗХУ-ын элчин сайд Юрий К.Приходов, БНХАУ-ын элчин сайд Цзы Яа-тай угтаж авч харилцан ярилцжээ. 1951 оны дөрөвдүгээр сарын 24-нд элчин сайд Ким Ён-жин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндэд Итгэмжлэх жуух бичигээ өр­гөн барьжээ. Эдгээр бүх үйл явц Солонгосын дайны эхний хамгийн хүнд өдрүүдэд болж өнгөрчээ.

Солонгосын дайны талаарх ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны “маш нууц” зэрэглэлтэй архивын багц материалууд (эдүгээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн архив болж өөрчлөгдсөн) 1990-ээд оны дундаас нээлттэй болж эрдэм шинжилгээний эргэлтэд орсноор пост-коммунист орнуудад энэ дайны гол зохион байгуулагчид нь тодорхой болсон билээ.

Энэ дайны талаар тухайн үедээ Монгол Улс болон бусад социалист орнууд ерөнхий ойлголттой байсан ба УМАРД СОЛОНГОС нь өөрийгөө хамгаалах, эх орноо нэгтгэх үйлсийн төлөө эх орны дайн явуулж байна гэж үзэж байжээ. АНУ болон НҮБ-ын энхийг сахиулах хүчин энэ дайнд оролцсоноор ЗХУ, Умард Солонгосоос бусад социалист орнуудад тарааж байсан мэдээллээр “Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг явуулж буй эх орны дайн” болон өөрчлөгдсөн байна. Монголын Засгийн газар ч ийм л ойлголттой байжээ. БНМАУ дэлхийн II дайны сүүлчийн улиралд Японы милитаризмын эсрэг чөлөөлөх дайнд ЗХУ-ын улс төр, цэргийн холбоотны хувиар оролцсон, Умард Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёрдахь социалист орны хувьд энэ дайнд Умард Солонгосын талд баттай зогсч, эд материалын болон санаа сэтгэлийн үлэмж хэмжээний тусламж үзүүлжээ.

Солонгосын дайн эхлээд удаагүй байхад БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан Умард Солонгосын удирдагч Ким Ил-сонд 1950 оны долдугаар сарын 12-нд илгээсэн цахилгаандаа: “Эрх чөлөөг эрмэлзэгч солонгосын ард түмний эсрэг зэвсгээр халдан түрэмгийлсэн Ли Сын-маны (Rhee Syng-man Д.У) урвагч бүлэг ба америкийн импе­риалистуудаас өөрийн орныг бүрэн чөлөөлөхийн төлөө эрэлхэгээр тэмцэж байгаа солонгосын ард түмний баатарлаг тэмцлийг монголын ард түмэн гүнээ талархан ширтэн харж байна. УМАРД СОЛОНГОС-ын бүрэн чөлөөлөгдөх өдөр айсуй гэдэгт монголын ард түмэн гүнээ итгэж, солонгосын ард түмний баатарлаг тэмцэлд цаашдын амжилт ба түргэн ялалтыг хүснэ” гэсэн байна. Энхтайвныг Хамгаалах Монголын Хорооноос (ЭТХМХ) Солонгосын Энхтайвныг хамгаалах Хороонд 1950 оны долдугаар сарын 19-нд илгээсэн захидалд Монголын олон нийт олон тооны цуглаан хийж, Аме­рикаас Умард Солонгосын эсрэг түрэмгийлж байгаа явдлыг нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолуудыг гаргасныг дурдаад “ЭТХМХ нь америкийн империалистуудаас солонгосын ард түмний до­тоодын хэрэгт зэвсэгл­эн оролцож байгаа явдлыг эсэргүүцэн, Солон­госоос Америкийн зэвсэгт хүчнийг нэн даруй гар­гахыг шаардаж, бүх ард түмний санал зори­гийг илэрхийлж байна” гэжээ. БНМАУ Солонгосын дайн эхэлсэн даруйд Умард Солонгост тусламж үзүүлэх шийдвэр гаргаагүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Харин АНУ тэргүүтэй холбоотны цэргийн хүчин 1950 оны есдүгээр сарын 25-нд Сөүлийг чөлөөлж, аравдугаар сарын 8-нд 38 өргөргийг давж, 1950 оны аравдугаар сарын 19-нд нийслэл Пёньян хот эзлэгдэж, АНУ-ын агаарын хүчин В-29 онгоцноос Умард Солонгосын хот тосгодыг бөмбөгдөж, түүнд энгийн иргэд олноор хэлмэгдэж эхэлсэн, түүнчлэн аравдугаар сарын 25-нд “сайн дурынхан” нэртэй Пэн Дэнхуайн удирдсан БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргүүд Солонгосын дайнд хөндлөнгөөс оролцож, дайн ноцтой өргөжих болсон тэр үед л МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, 1950 оны аравхоёрдугаар сарын 1-ний өдөр “Солонгосын ард түмнээс америкийн империализмын эсрэг явуулж буй баатарлаг тэмцэлд нь тусламж үзүүлэх” тухай тогтоол батлан гаргажээ.

1950-1953 оны Солонгосын дайны үед болон дайны дараах сэргээн босголтын жилүүдэд МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хурлаар Солонгосын ард түмэнд туслах тухай асуудлыг удаа дараа хэлэлцэн, Солонгосын ардын армид агт морьд, үржлийн мал, дулаан хувцас, хүнсний зүйлээр туслах, дайн дууссанаас хойш УААА-гаа сэргээн босгоход нь зориулж тусламж үзүүлэх тухай шийдвэр гаргаж байжээ. Ерөнхий сайдын орлогч Б.Ламжав, ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн ахалсан “Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөнийг зохион байгуулах тусгай комисс”-ыг байгуулж, энэ хугацаанд 43924 адуу, 9094 үхэр, хонь, ямаа 79965 толгой (үүний 30 хувь нь эр, 70 хувь нь үржлийн мал), дулаан хувцас, үстэй дээл 17462 ширхэг, эсгий гутал 10000, хөвөнтэй өмд цамц 20030 хос, шинель 4500 ширхэг, хонины элдсэн нэхий 50000 ширхэг, савхин гутал 10000 хос зэрэг олон нэрийн үнэ бүхий зүйл бэлэглэжээ. Хүнсний зүйлд мах 2248,7 тонн, цөцгийн тос 30 тонн, өөхөн тос 65 тонн, хиам 99,1 тонн, нарийн боов 97,3 тонн, улаан буудай 1209, долоон тонн, цагаан будаа 160,8 тонн, гурил 200 тонн, спирт 26,5 мянган литрийг тус тус тусламжаар үзүүлжээ.

1951 оны намар Монголын төлөөлөгчид Умард Солонгост айлчлан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 3 жилийн ойн арга хэмжээнд оролцон 3 дахь удаагийн тусламжийн цувааг гардуулан өгчээ. СХН-ын Төв Хороо, Засгийн газар, ард түмэн төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч, Монголын ард түмний тусламжийг өндөр үнэлж фронтын шугам дээр байлдаж байсан цэргийн анги нэгтгэлүүдээр явж, Монголын төлөөлөгчдийг танилцуулж байжээ. Тэнд “БНМАУ-аас үзүүлсэн дэмжлэг, тусламж” гэсэн нэртэй олон самбаруудтай булан гаргаж байжээ. Монгол агт, морьдыг “Монголын сайн дурынхан” гэж нэрлэж байснаас гадна фронтын зурвас нутгуудын зам муутай, шавар намаг ихтэй нуга, хөндий, гол горхи, уул даваануудад их буу, миномёт, байлдааны бусад техник хэрэгслэлийг тээвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан монгол морьдод хувийн нэр өгч, зургийг нь самбар дээр тавьж, “баатар морь” гэж цол өгч байжээ. Зохион байгуулах комиссын гишүүд аймаг, орон нутагт явж, агт морьд, хонь, мал сонгон авч, сүрэг болгон зохион байгуулж, тууврын замд гаргаж улсын хил давуулан БНХАУ-ын Манжуур өртөөн дээр хүргэж галт тэргэнд ачиж цуваа болгон явуулдаг байжээ. Цаашид Солонгост нутагшуулан үржүүлэх зориулалтаар унагатай гүү, азарга, үхрийн үржлийн хэсгийг илгээж байжээ. Фронтын дайчдад монголын ард түмнээс олон мянган захидал, цахилгаан утас бичдэг байсан байна. Гэвч тэр бүгдийг солонгос хэл дээр орчуулах бололцоогүйгээс шууд хүргүүлдэг байжээ. “Америкийн империалистууд Солонгосоос бузар савраа тат!”,“Солонгосын ард түмэн ялна” зэрэг өгүүлбэрийг захидлуудаас иш татан олон мянган хувь хэвлүүлэн Солонгост явуулах тусламжийн барааны хайрцаг, сав баглаа, түүнийг тээвэрлэсэн машин, галт тэргэн дээр нааж явуулж байжээ.

Тусламжийн эдгээр зүйлийг Монголын төлөөлөгчид 3 удаа явж Ардчилсан Солонгосын Засгийн газрын төлөөлөгчдөд гардуулан өгчээ. 1950-1953 онд үзүүлсэн тусламжийн зүйлийн нийт үнэ 23 сая 365 мянган төгрөг болж байжээ. Тэгвэл 1950 онд Монгол Улсын нийгмийн нийт бүтээгдэхүүн 1.327 тэрбум төгрөг, үндэсний орлого 879.3 сая төгрөгөөр хэмжэгдэж байжээ. Тус­ламжийн нийт үнийн дүнг тухайн үеийн төгрөг-рубль-долларын ханшны тооцоогоор авч үзвэл 1.298.000 сая ам. доллартай дүйцэж байсан байна.

Үүнээс гадна Монгол Улс 1952-1959 онуудад эцэг, эх нь амь үрэгдэж, өнчин хоцорсон 197 хүүхдийг (115 эрэгтэй, 82 эмэгтэй) найман багшийн хамт Улаанбаатарт авчран асран хүмүүжүүлж 30 гаруй оюутныг өөрийн их, дээд сургуульд сургаж нутагт нь буцаажээ. Эд­гээр хүүхдүүд Монгол Улсад найман жил сурч хүмүүжихдээ Шарга морьтын аманд зус­лангийн байртай, Зайсан толгойн аманд өвлийн байртай байсан ба дурьдсан хугацаанд Монгол Улсаас найман сая 544 мянга 400 төгрөгийн зардал гарчээ. Мөн 1959 онд Японд суурьшиж байсан Умард Солонгосын иргэдэд 15 мянган төгрөгийн тусламж үзүүлж байжээ.

Монголын ард түм­нээс үзүүлсэн тус­ламжийг өндөр үнэлж Солонгост туслах ажлыг зохион байгуулахад идэвх чармайлттай оролцсон БНМАУ-ын хэдэн арван иргэдийг Умард Солонгосын одон медалиар шагнасан байна. Умард Солонгосын Сайд нарын танхимын дарга Ким Ил-сон 1953 оны нэгдүгээр сарын 10-нд Монголын Засгийн газарт явуулсан илгээлтдээ: “Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нэр төрийн төлөө бүх дэлхийн улс түмний энхтайван, жаргалант амьдралыг хамгаалахын төлөө Солонгосын ард түмний шударга дайн эхэлсэн өдрөөс аваад ах дүү Монголын ард түмнээс чин зүрхний тусламжийг бүх хүчээрээ үзүүлсэн, үзүүлсээр байна. Ах дүү Монголын ард түмнээс бидэнд үзүүлж байгаа эд материал, санаа сэтгэлийн асар их тусламж бол тэмцэж байгаа Солонгосын ард түмэнд хайр талархалтай эв санааны нэгдэлтэй байдгийнх нь илрэл мөн” гэж бичжээ. Солонгосын ард түмний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэнийг нь үнэлэн Ардчилсан Солонгосын 288 хүнийг одон медалиар, түүний дотор арван хүнийг Сүхбаатарын одонгоор 1953 оны нэгдүгээр сард шагнажээ. Дэлхийн II дайнд германы фашизмыг ялсан ЗХУ, ялангуяа И.В.Сталин өөрийнхөө асар их нэр хүндийг ашиглан Солонгосын дайны жинхэнэ учир шалтгааны талаар дэлхий нийтийг асар их төөрөгдүүлж байсан ажээ. Тиймээс Европ, Америкт Солонгосын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн ч эрчимтэй өрнөж байжээ. Дайнд оролцогч талууд 1953 оны дөрөвдүгээр сарын 26-нд хэлэлцээг Паньмүньжомд сэргээжээ. Мэдээж Сталин 1953 оны гуравдугаар сарын 5-нд таалал төгссөн нь гал зогсоох хамгийн гол учир шалтгаан байжээ. Цэргийн олзлогдогсдыг нутагт нь буцаах тухай хэлэлцээрт Энэтхэгийн зуучлалаар долдугаар сарын 8-нд гарын үсэг зурав.

Асуудлыг энхтайвнаар төгс зохицуулах хүртэл “Солонгос дахь дайн болон дайсагнасан аливаа явдлыг бүрэн зогсоохоор” заасан Солонгосын хойгт гал зогсоох тухай хэлэлцээрт 1953 оны долдугаар сарын 27-нд УМАРД СОЛОНГОС-ын Солонгосын Ардын армийн дээд Ерөнхий командлагч, маршал Ким Ил-сон, Хятадын сайн дурынхны командлагч Пэн Дэнхуай, НҮБ-ын хүчний командлагч АНУ-ын Армийн генерал Марк В.Кларк, Солонгосын ардын арми, Хятадын сайн дурынхныг төлөөлж, Солонгосын Ардын армийн ахлах төлөөлөгч Нам-Иль, НҮБ-ын хүчнийг төлөөлж, АНУ-ын Армийн ахлах төлөөлөгч, дэслэгч генерал Уилльям К.Харрисон нар гарын үсэг зуржээ.

Өмнөд Солонгос гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзсан нь Умард Солонгосыг бүрэн чөлөөлөх бодолтой байсантай нь холбоотой байжээ.

Солонгосын дайны гал зогсоох Панмүньжомын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын олон улсын хэмжээний томоохон түүхэн үйл явдалд Монголын төлөөлөгчид ажиглагчаар оролцжээ. Монгол Улсаас анх удаа “Үнэн” сонины тусгай сурвалжлагч Ц.Намсрай (тухайн үед Намын түүхийн институтийн орлогч захирал байсан Д.У), Бээжин дэх БНМАУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Т.Пүрэвжал нар 1953 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 4-ны өдрүүдэд оролцсон байна. Хятадын ГЯЯ-ны хэвлэл мэдээллийн хэлтсээс зохион байгуулсны дагуу ЗХУ, БНМАУ, Польш, Австри, Итали, Чехословак, Румын, Болгар, Унгар, Ардчилсан Германы хэвлэлийн төлөөлөгчид ажиглагчаар оролцжээ.

1953 оны долдугаар сарын 28-нд БНМАУ-ын Ерөнхий сайдаас Умард Солонгосын Сайд нарын танхимын даргад явуулсан илгээлтэд өгүүлэхдээ: “Солонгост дайныг зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурагдаж, Солонгосын баатарлаг ард түмэн ба эрх чөлөөг эрмэлзэгч бүх хүн төрөлхтөн, агуу их ялалт байгуулсныг тохиолдуулан Монголын ард түмний өмнөөс …. халуун баяр хүргэе. Солонгосын ард түмний эрх чөлөөний тэмцэлд хэзээ ямагт маш их талархаж ирсэн Монголын ард түмэн ба БНМАУ-ын Засгийн газар Солонгост дайн зогсч, Солонгосын баатарлаг ард түмэн, Хятадын ардын эрэлхэг сайн дурынхан ба энхтайван, ардчиллын бүх лагерийн алдарт ялалт болсон явдалд гүн их баясгалантай бөгөөд сэтгэл хангамжтайгаар баяр хүргэж байна” гэжээ.

  1. "On This Day 29 August 1950". BBC. Татаж авсан: 2007-08-15.
  2. "Veterans Affairs Canada — The Korean War". Veterans Affairs Canada. Archived from the original on 2007-05-05. Татаж авсан: 2007-08-15.
  3. "Filipino Soldiers in the Korean War (video documentary)". Татаж авсан: 2008-03-24.
  4. Walker, Jack D. "A brief account of the Korean War". Татаж авсан: 2007-08-15.
  5. "French Participation in the Korean War". Embassy of France. Archived from the original on 2007-09-27. Татаж авсан: 2007-08-15.
  6. Zhang 1995, p. 257.
  7. "South Korean POWs". Archived from the original on 2007-10-07. Татаж авсан: 2007-08-15.
  8. "All POW-MIA Korean War Casualties". Archived from the original on 2007-07-06. Татаж авсан: 2007-08-15.
  9. "The UK & Korea, Defence Relations". Office of the Defence Attache, British Embassy, Seoul. Archived from the original on 2007-09-29. Татаж авсан: 2007-08-15.
  10. 10.0 10.1 10.2 Hickey, Michael. "The Korean War: An Overview". Татаж авсан: 2007-08-16.
  11. "The Turks in the Korean War". Archived from the original on 2011-06-28. Татаж авсан: 2007-08-15.
  12. "Canadians in Korea: Epilogue". Veterans Affairs Canada. 1998-10-6. Татаж авсан: 2007-10-27. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  13. "Korean War 1950–53: Epilogue". Australian War Memorial. 2007-10-16. Татаж авсан: 2007-11-12.
  14. "Departure of the French batallion". French newsreels archives (Les Actualités Françaises). 2003-11-05. Татаж авсан: 2007-08-16. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  15. "Filipino Soldiers in the Korean War (video documentary)". Татаж авсан: 2008-03-24.
  16. "South Africa in the Korean War". korean-war.com. November 20, 2006. Archived from the original on Арван нэгдүгээр сар 1, 2006. Татаж авсан: Зургадугаар сар 22, 2008. {{cite web}}: Check date values in: |access-date= and |archive-date= (help)
  17. Xu, Yan. "Korean War: In the View of Cost-effectiveness". Consulate-General of the People's Republic of China in New York. Татаж авсан: 2007-08-16.
  18. "Treaty of Annexation (Annexation of Korea by Japan)". USC-UCLA Joint East Asian Studies Center. Archived from the original on 2007-02-11. Татаж авсан: 2007-08-19.
  19. McCullough, David (1992). Truman. Simon & Schuster Paperbacks. pp. p. 785, 786. ISBN 0671869205. {{cite book}}: |pages= has extra text (help)
  20. Green Left - Features: HISTORICAL FEATURE: The Korean War - a war of counter-revolution
  21. 21.0 21.1 "The Korean War, The U.S. and Soviet Union in Korea". MacroHistory. Татаж авсан: 2007-08-19.
  22. "The Korean War, 1950-1953, (an extract from American Military History, Volume 2 - revised 2005)". Татаж авсан: 2007-08-20.
  23. Acheson, Dean (1969). Present at the Creation: My Years at the State Department. W.W. Norton, Inc. pp. 355–358. Archived from the original on 2006-06-23. Татаж авсан: 2008-09-09.
  24. "Message from Stalin to Kim Il Sung, via Shtykov, Affirmative response to Kim Il Sung's previous requests of lead and ammunitions from the Soviet Union". Woodrow Wilson International Center for Scholars, Cold War International History Project. 1950-03-18. Archived from the original on 2007-10-05. Татаж авсан: 2008-02-15. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  25. "Telegram from Shtykov to Vyshinsky, Receipt of goods and payments expected of North Korea from the Soviet Union". Woodrow Wilson International Center for Scholars, Cold War International History Project. 1950-03-09. Archived from the original on 2008-10-26. Татаж авсан: 2008-02-15. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  26. 26.0 26.1 26.2 26.3 Appleman, Roy E (1998). South to the Naktong, North to the Yalu. Dept. of the Army. pp. p. 3, p. 15, pp 381, 545, 771, 719. ISBN 0160019184. {{cite book}}: |pages= has extra text (help)
  27. 27.0 27.1 Schnabel, James F (1992). United States Army In The Korean War: Policy And Direction: The First Year. Center of Military History. pp. pp. 155-192, p.212, pp. 283-284, pp. 288-289, p.304. ISBN 0-16-035955-4. {{cite book}}: |pages= has extra text (help)
  28. 28.0 28.1 Korea Institute of Military History. The Korean War: Korea Institute of Military History 3 Volume Set. Bison Books, University of Nebraska Press. pp. vol. 1, p.730, vol. 2, pp. 512-529. ISBN 0803277946.
  29. Hopkins, William (1986). One Bugle No Drums: The Marines at Chosin Reservoir. Algonquin.
  30. Cohen, Eliot A (2005). Military Misfortunes: The Anatomy of Failure in War. Free Press. pp. pp 165-195. ISBN 0743280822. {{cite book}}: |pages= has extra text (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  31. Rear Admiral Doyle, James H; Mayer, Arthur J (April 1979), "December 1950 at Hungnam", U.S. Naval Institute Proceedings, vol. 105 (no. 4): pp. 44-65 {{citation}}: |volume= has extra text (help); |issue= has extra text (help); |pages= has extra text (help)CS1 maint: date and year (link)
  32. Hasbrouck, S. V (1951), memo to file (November 7, 1951), G-3 Operations file, box 38-A, Library of Congress
  33. Army Chief of Staff (1951), memo to file (November 20, 1951), G-3 Operations file, box 38-A, Library of Congress
  34. Watson, Robert J (1998). The Joint Chiefs of Staff and National Policy, 1950-1951, The Korean War and 1951-1953, The Korean War (History of the Joint Chiefs of Staff, Volume III, Parts I and II). Office of Joint History, Office of the Chairman of the Joint Chiefs of Staff. pp. part 1, p. v, part 2, p. 614. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  35. Commanding General, Far East Air Force (1951), Memo to 98th Bomb Wing Commander, Okinawa
  36. Far East Command G-2 Theater Intelligence (1951), Resumé of Operation, Record Group 349, box 752
  37. "Syngman Rhee Biography: Rhee Attacks Peace Proceedings". Korean War Commemoration Biographies. Татаж авсан: 2007-08-22.
  38. Hanley, Charles J. (2006-05-29). "U.S. Policy Was to Shoot Korean Refugees". The Washington Post. Associated Press. Татаж авсан: 2007-04-15. {{cite news}}: Check date values in: |date= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  39. Hanley, Charles J. (2007-04-13). "Letter reveals U.S. intent at No Gun Ri". New Orleans Times-Picayune. Associated Press. Татаж авсан: 2007-04-14. {{cite news}}: Check date values in: |date= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  40. Rummel, R.J. Statistics of Democide. pp. Chapter 10, Statistics Of North Korean Democide Estimates, Calculations, And Sources.
  41. "AP IMPACT: Thousands killed in 1950 by US's Korean ally - Yahoo! News". Архивласан огноо 2008-05-19. Татаж авсан: 2008-05-19.
  42. http://www.historynet.com/the-rise-of-the-helicopter-during-the-korean-war.htm
  43. http://tri.army.mil/LC/CS/csa/aahist.htm